Номын сан Фото зураг Зочдын дэвтэр Блог Хэлэлцүүлэг Холбоо барих

“Бидний єнгєрсєнд юу болсон, ирээдvйд юу болох нь, яг одоо бидний хийх ёстой ажлын хажууд єчvvхэн юм.”


~ Ralph Waldo Emerson

“Та єєрийнхєє бодит байдал болон мєрєєдлийн хоорондох зайнд бvv санаа зов. Хэрэв та мєрєєдєж чадаж байгаа бол, та тvvндээ хvрч чадна.”

~ Belva Davis

Нэвтрэх

Энэ өдрийн мэнд! Guest!

Статистик

Нийт холбогдсон байгаа: 1
Зочид: 1
Хэрэглэгч: 0



MonBloggers | Mongolian Top Blogs

Санал асуулга

Манай сайт ямар байна даа?
Нийт санал: 73

Чат

Гишүүд

Шинэ гишүүд
  • nudahai03
  • cc625652
  • nomunaa55
  • erdvkm
  • jjoy0628
  • Сүүлд зочилсон гишүүд
    • Нийт гишүүд: 91
    • Өнөөдөр зочилсон гишүүд: 0

    Êàëåíäàðü

    «  2-р сар 2010  »
    НяДаМяЛхаПүБаБя
     123456
    78910111213
    14151617181920
    21222324252627
    28

    Мэдээ мэдээлэл

    Нүүр хуудас » 2010 » 2-р сар » 9 » Олон улсын харилцаагаар боловсорсон сэхээтэн #1
    Олон улсын харилцаагаар боловсорсон сэхээтэн #1
    6:04 PM

    "ХАРАМСАХ ЗҮЙЛГҮЙ АМЬДРАЛ”,
    .. Харвардын амьдрал .. and more

    Хүний сэтгэлийг зовоодог хамгийн онцгүй зүйлүүдийн нэг бол өнгөрсөн зүйлийн араас харамсах гэж тэр боддог. Тийм ч учраас эргэж хараад харамсах зүйлгүй байхаар зүтгэж, хөдөлмөрлөдөг…

    Эмч ээж, аавын гэрт хүмүүжсэн Ц.Мөнх-Оргил эцэг, эхийнхээ мэргэжлийг өвлөж эмч болвол болох л байсан юм. Гэхдээ гадаад хэл, нийгмийн ухааны хичээлүүддээ дуртай байсан учраас хуульч, олон улсын харилцааны мэргэжлийг сонгожээ. Түүний охин дүү ч гэсэн хуульч, тэр дундаа оюуны өмчийн хуульчаар АНУ-д боловсрол эзэмшсэн бүсгүй. Ээж, аав нь ч тэр үеийн сэхээтнүүдийн нэгэн адил, сонголтыг хүүхдүүддээ үлдээж, заавал эмч бол гэж ятгасангүй. Угаас эмч хүний амьдралын зовлон, жаргалыг хоёул мэддэг болохоор тэр биз. Өдөр бүр хүмүүсийн өвчин зовлонтой нүүр тулж, өвдсөн шаналсан хүмүүсийг даган хямарч, өдөр шөнөгүй ажиллаж, шөнө үүрийг ялгалгүй ажилдаа дуудагдаж, хоолгүй, нойргүй ажилладаг болохоор хүүхдүүдээ бас ийм амьдралтай байлгахыг нэг их хүсээгүй болов уу.

    "Орос” 23-р сургуульд орохоос өмнө Мөнх-Оргилын бага нас тэр үеийн "хашааны хүүхдүүд” ямар байсан, яг л тийм байв. Өдөржин гадаа, шороон дээр, сайран хацартай хашааны хүүхдүүдтэй, бас тэр хавийн муур, нохойтой тоглож өнжинө. Тэр үед 1-р төрөхийн хашаанд (одоо төрөхийн хүлээн авах байр байдаг) голдуу залуу эмч, сувилагч нарын гэр буудаг байдаг байсан болохоор хүүхдүүд нь нэг үеийнхэн, эмч сувилагч нар ч нэг үеийнхэн, хэн хэнийхээ хүүхдүүдийг андахгүй. Хүүхдүүд нь хоорондоо их найз, бие биенийхээрээ хэсэж тоглосоор өнжинө. Их идэвхтэй "завгүй” өнгөрлөө гэхэд замын хойд талын хашааныхантай чулуугаар байлдана. Харин "тайван” өдрүүдэд арслантай гүүрийг дагаж, нөгөө хэдэн муур нохойгоо дагуулсаар сэлбийн голыг өгсөж, уруудаж тоглоно.

    1972 онд Цэнд гуайнх байранд хуваарилагдаж, Их дэлгүүрийн баруун талд, I-40 мянгатад нүүн иржээ. Тэр жилийнхээ 9-р сард Мөнх-Оргил 23-р сургуулийн 1-р ангид оров. Тэр үеийнхээ тухай "Би "хашааных” байсан юм болохоор халтар л байсан байлгүй, нүүр гараа мөлчийтөл угаагаад, ээж тос түрхэж өгөөд гаргаж байлаа. Халимаг энэ тэр ч байхгүй, халзан толгойтой, дэлдийсэн том чихтэй хүүхэд сургуульд очиж билээ” гэж дурссан юм.

    Мөнх-Оргил ерөнхийдөө томоотой, хичээлдээ сайн хүүхэд байж. Нийгмийн ухааны хичээл, орос, англи хэлэндээ дуртай, гэхдээ хими, физик, тооны хичээл дээр амиа тээгээд гарчихна. Чөлөөт цагаараа ном уншина. Тэр үеийн хүүхдүүдэд одоогийнх шиг, зурагт, CD, кино, компьютер, хөгжим гэж байсан биш. Угаасаа ч тэр үед 23-р сургуулийнхан сургуулиараа, ангиараа номоо солилцож уншдаг "заншил” тогтчихсон байсныг хэлэх үү, нэг нэгнээсээ ном зээлж аваад л, тойруулаад уншдаг байж. Бас тэдний байрны хоёр орцонд нь орос мэргэжилтнүүд амьдардаг байсан болохоор орос хүүхдүүдтэй найзалж, хөл бөмбөг, сагсан бөмбөг тоглож өнгөрөөнө. Зун болмогц Цэнд гуайнх, хамгийн удлаа л гэхэд 6-р сарын 15 гээд Шадивлан дахь зусландаа гарчихна. Зуслан дээр хүүхдүүд юу хийдэг билээ, Мөнх-Оргил тэрийг л хийж, уул хадаар тэнэж, гол горхинд өнжсөөр зуныг өнгөрөөнө…

    Ингээд 10-р ангиа онц төгсөж, конкурс өгч, МГИМО буюу Москвагийн олон улсын харилцааны сургуульд явахаар болов.

    Тэр үеийн конкурс, одоогийнх шиг сургууль бүр дээр олон болдоггүй байв. Нийгмийн ухаан, байгалийн ухаан, математик, инженерийн гэсэн 4 гол чиглэлд хуваагдаж, хэсэг тус бүрийн хүүхдүүд бүгдээрээ ижилхэн шалгалт өгч, хамгийн өндөр оноо авсан нь түрүүлж хуваариа сонгох эрх авдаг байсан үе. Мөнх-Оргил нийгмийн ухааны чиглэлийн хэсэгт 3 хичээлээр шалгалт өгч, 20-19-20 гэсэн оноо авч нийт 59 оноотойгоор улсын хэмжээнд 1-рт жагсчээ. Түүнд хамгийн түрүүнд орж, хүссэн сургуулиа сонгох эрх олдсон юм. Одоогийн Хүмүүнлэгийн ухааны, хуучнаар Орос хэлний сургууль дээр очиж хуваариа сонгохоор болов. Хамгийн шилдэг хоёр хуваарь болох Чехийн Карлов Варын их сургуулийн хуулийн анги, Москвагийн их сургуулийн сэтгүүлчийн анги дээр зөвлөлдөж байгаад хуулийн ангийг нь сонгохоор болов. Гэтэл ГХЯ-наас түүнийг дуудуулж байна гэнэ. Яваад очтол Москвагийн ОУХ-ны сургууль (МГИМО) гэж бий, олон улсын эрх зүйч мэргэжил эзэмшинэ, энд гадаад яамны нэр дээр сураад, эргэж ирээд гадаад яамандаа ажиллаж болно гэсэн саналыг танилцуулав. Цэнд гуай хүмүүстэй зөвлөлдөж байгаад ерөөсөө энд сурсан нь дээр гээд сонгожээ. Ингээд, тэр жил МГИМО-с ирсэн 15 хуваарийн 10 нь малчны гэр бүлийн хүүхдүүдэд, 5 нь сэхээтний гэр бүлийн хүүхдүүдэд ногдсоны нэгийг нь Мөнх-Оргил аваад Москваг зорив…

    ШИГТГЭЭ: …Өдөржин гадаа, шороон дээр, сайртай хацартай, хашааны хүүхдүүдтэй, бас тэр хавийн муур, нохойтой тоглож өнждөг байлаа…

    Багадаа "суугаад” сурчихсан, багаасаа орос хэл үзэсэн, хэд хэдэн олимпиад уралдаанд орчихсон, бас англи хэл үзэж байсан болохоор тэрээр олон улсын харилцааны сургуульд түүртсэнгүй. Түүний суралцаж байсан сургууль МГИМО бол, одоо ч сургалтын чанар, нэр хүндээрээ дэлхийд алдартай сургуулиудын нэг. Энэ сургуулийг манай сэхээтнүүд, улстөрчидөөс анхны эмэгтэй гадаад хэргийн сайд асан Д.Туяа, одоогийн УИХ-ын гишүүн Сү.Батболд, УИХ-ын гишүүн асан Х.Хулан… нар төгсөж байсан юм. Мөн Халимагийн ерөнхийлөгч Кирсан Илюмжинов, … нар төгссөн байдаг. (өөр хэн хэн төгссөн билээ?)

    Ингээд 1988 онд сургуулиа Олон улсын эрх зүйч мэргэжлээр төгсөөд, амалсан ёсоор гадаад харилцааны яамандаа ирлээ. Англи хэлний чадвар сайн байсан болохоор АНУ дахь монголын элчин сайдын яаманд атташегээр томилогдож гурван жил ажиллаад, залгуулаад Монгол улсаас НҮБ-ын дэргэд суух байнгын төлөөлөгчийн газарт 2-р нарийн бичгийн даргаар дөрвөн жил томилогдон ажиллав…

    22 жилийн дараа буюу 2004 онд Мөнх-Оргил, ГХЯ-ны нэр хүндтэй босгыг гурав дахиа алхан орж ирсэн юм. Анх 1982 онд 10-р ангиа төгсдөг жил ГХЯ-ны сайдын зөвлөлийн хурлаар орж, Москвагийн ОУХДС-д сурахаар явж байсан бол сургуулиа төгсөн ирж, ажилдаа орохдоо бас нэг босгыг нь алхсан. Харин энэ удаад буюу 2004 онд ГХЯ-ны сайд нь болж дахин орж ирэв. Ирэхдээ ганзага дүүрэн, Дэлхийд алдартай Харвардын их сургуулийн хуулийн сургуулийн дипломыг өвөртлөөд орж ирлээ.

    Харвардын амьдрал

    Харвардад орсон анхны хичээлийн өдөр нь түүний сэтгэлээс ер гардаггүй. Тэр энэ тухайгаа инээдээ барьж ядан "8-р сарын 28 билүү, 29-ний өдөр анхны хичээл орсон юм. Анхны сэдэв нь гэрээний эрх зүй буюу contract law байсан. Ер нь барууны хуулиуд хэдхэн том салбартай, Гэрээний эрх зүй, Үндсэн хууль, Tort буюу бусдад гэм хор учруулах, Evidence буюу нотлох баримтын шинжлэх ухаан, Эрүүгийн хууль гээд хэдхэн гол салбартай. Анхны хичээлийг Крук гээд АНУ-ын гэрээний эрх зүй, өмчийн харилцаа, захиргааны хуулиудаар мэргэшсэн, маш олон ном бичсэн, еврей гаралтай алдартай хуульч багш орлоо. Гэхдээ хичээл эхлэхээс хэд хоногийн өмнө үндсэн хичээл дээр ярилцах ёстой сэдэв, үүнтэй холбогдуулж оюутнуудын уншиж судалсан байх ёстой ном, материалуудын нэрийг өгчихсөн байдаг учраас би хэрэндээ л сайн бэлтгэсэн юм. Бараг 3-4 см-ийн зузаантай 4-5 ширхэг ном уншина, бас 10-20 асуудлын жагсаалтын дагуу холбогдох бүхий л баримт, материалыг судална. Ингээд нийтдээ, зөвхөн нэг хичээлийн сэдвийн дагуу 6-7 орчим ном, сурах бичигтэй танилцах нь ердийн үзэгдэл. Энэ бүх материалыг уншиж, өөрийн болгосоныг шалгадаг ганцхан арга бий. Энэ бол санал бодлоо илэрхийлэх чөлөөт ярилцлага, маргааны арга юм… Ингээд нэг цаг гучин минутын хичээл эхэллээ. Багш бидний маргааныг сонсож сонсож, өөр нэг хувилбар дэвшүүлээд Энэ асуудлыг ингэж шийднэ, яагаад гэвэл ийм ийм учиртай… гээд л тайлбарлаж эхэлсэн чинь тэнд сууж байсан 50 гаруй оюутнууд бүгдээрээ санаа бодол нь эргэж Нээрээ тийм байна шүү дээ, тийм байна, тэгэлгүй яах вэ, энэ зөв байна… гээд л тэр чигээрээ ханарчихсан. Багш Тийм биз дээ? гэхээр нь бүгдээрээ дуу нэгтэйгээр Тийм тийм, яг үнэн гээд л багшийн ярианд шууд үнэмшээд, толгой дохиод суугаад байлаа. Гэтэл өгөөх багш чинь хэдхэн хоромын дараа дөнгөж сая ярьсан зүйлийнхээ яг эсрэг хувилбарыг дэвшүүлээд, тайлбарлаж эхэлтэл танхимд сууж байгаа бид нар чинь дахиад эргэчихсэн, бүгдээрээ дуу нэгтэйгээр Нээрээ бас тийм юм байна шүү дээ, яг тийм байна, яагаад энийг бодсонгүй вэ, ямар сонин юм бэ… гээд уулга алдаад, тэр чигээрээ нөгөө тийшээ ханараад явчихсан. Ердөө ганцхан асуудал дээр тэр багш 5-6 хувилбар гаргаж ирээд тайлбарлахад бид бүр ангайгаад, бишрээд, гайхаад өнгөрсөнөө сайн санадаг юм. Бид эцсийн ганц, зөв хувилбар байх ёстой гэж сэтгээд А юу? Б юу? гэхэд нь судалж судалж "А” гэсэн ганц хувилбар гаргаад ирсэн. Гэтэл багш болохоор "А” ч, "Б” ч, "В” ч, "Г” ч, "Д”… ч байж болно гэсэн бүх хувилбаруудыг судлан гарган ирж, биднийг тэгж үнэмшүүлж, гайхуулж байгаа юм. Бид ч ёстой сайхан мангартсан даа” гэж дурслаа.

    Харвардад сурсан нэг жилээ Мөнх-Оргил "Хүн мэдлэг боловсролоороо, оуюны чадавхиараа, сэтгэж, мэтгэлцэж, бусдыг байлдан дагуулж, бусдад итгэл үнэмшил төрүүлж чадаж байгаагаараа үнэхээр дарамталж байсан даа. Гэхдээ бид нар ч дуртай дарамтлуулдаг байсан” гэж зүйрлэсэн юм. Мэдээж Харвардын багш нар оюутнууддаа дээд зэргийн хүдэтгэлтэй, эелдэг, соёлтой хандана. Гэхдээ оуютнуудыг хичээлдээ дуртай сууж, ямар ч сэдвийг арван хуруу шигээ мэддэг болтол, шинэ юм сурах болгондоо яаран, догдлон ангидаа ирдэг, мэргэжилдээ шунан дурлаж суртал нь догдлуулдаг байсан юм.

    Шигтгээ: Оюутан байхдаа нэг малгай зарах гэж үзсэн. Хэцүү юм билээ. Би наймаа хийж чадахгүй хүн гэдгээ мэдсэн…

    Харвардын Хуулийн сургуулийн хичээл хэрхэн явагддаг байсан талаар тэрээр үргэжлүүлэн "Оюутнуудыг 4-5 хүнтэй багуудад хувааж дунд нь нэг кейс өгнө. Эхний баг нь Засгийн газар, хоёр дахь нь Орон нутгийн төлөөлөл, гурав дахь нь Компанийн өмгөөлөгч, дөрөв дэх нь Шүүгчийн баг. Ингээд талууд тухайн маргаантай асуудал дээр өөр өөрсдийнхөө үндэслэл, баримт нотолгоо, тайлбар зэргээ бэлдэнэ. Яг жинхэнэ шүүх хурал шиг юм болно. Ийм осол болж, ийм гэрээтэй байж, талууд гэрээндээ заасан иим ийм үүргүүдийг биелүүлээгүй учраас энэ осол болжээ… гээд. Тэгээд Засгийн газар аль болох өөрт учирсан хохирлоо төлүүлэхийг бодно, Орон нутаг ч гэсэн өөрт учирсан хохирлыг компаниар бүрэн төлүүлэх бодлого боловсруулна, нөгөө талд нь компани өөрийгөө өмгөөлж, мөнгө төлөхгүй байхыг хичээнэ…гэх мэт. Шүүгч бол зөвхөн сонсоно, нотлох баримтуудыг нь шалгана. Бид нар байдгаараа бэлдэж ирээд маргалдана даа. Гэвч багш дундуур нь ганц асуулт тавихад л "таг” болно доо. Дахиад л эхнээс нь судалдаг байлаа”…

    Ийнхүү бүтэн жил "дарамтлуулсаны” дараа Мөнх-Оргил сургуулиа төгсжээ. Түүний анх Харвардад орсон түүх нь бас л сонирхолтой. Хариугүй хажуугаар нь зөрөөд өнгөрчих шахаж.

    Харвардад сурахад санхүүгийн чадвар чухал. Жилийн төлбөр нь 50-60 мянган ам.долларт хүрдэг. Тэгсэн хэрнээ мөнгөтэй хүн бүрийг авахгүй, үнэхээр "шилдэг”-ийг л авна. Мөнх-Оргил НҮБ-ын төлөөлөгч байхдаа ихэвчлэн олон улсын хуулиуд дээр ажилладаг байсан болохоор нарийн мэргэжлийн хуулийн боловсролоо дээшлүүлэх хэрэгтэй гэж шийдээд 8 сургуульд сурах өргөдөл (application) явуулжээ. Тав нь хуулийн сургааль, гурав нь олон улсын харилцааны сургууль. Тэднээс Columbia, Stanford, Northwestern, Johns Hopkins University… зэрэг 7 сургуулиас тэнцсэн хариу иржээ. Эдгээрээс сүүлийнх нь 100 хувийн тэтгэлэг өгөхөөр болсон байв. Мөнгө цаасаа бодоход энэ нь хамгийн боломжит сонголт байсан учраас ийш орохоор шийдэж. Тэгээд НҮБ-д хамт ажилладаг, бас хамт гольф тоглодог, энэ сургуулийг төгссөн нэгэн найзтайгаа энэ талаар ярилцаж байгаад ярианыхаа завсарт санаандгүй, Харвардаас урилга ирсэн, гэхдээ мөнгө төгрөгний бололцоогүй болохоор нөгөө сургуулийг нь сонгосон гэдгээ хэлтэл өнөөх нь Чи чинь яасан хачин нөхөр вэ, олон долоон юм бодолгүй шууд Харвардад ор, ийм сайхан аз тохиож байхад яаж ийж байгаад мөнгөө босго, хүмүүсээс зээл, орчихсон байхад учиртай, төгссөн хойноо дорхноо зээлээ төлчихнө… гэж ятгажээ. Ингээд тэрээр Харвардаас 1/3 хувийн тэтгэлэг авч, үлдсэнийг нь найз нөхөд, хамаатан саднаасаа зээлээд Харвардад элсэж. Сүүлд нь тэрээр "Хэрэв би тэр үед НҮБ-ын найзтайгаа энэ талаар яриагүй байсан бол тэгээд л өөр сургуульд орчих байсан. Төгсөөд хаана, юу хийж явах юм билээ, мэдэхгүй шүү дээ. Азтай байсан…” гэсэн юм.

    Шигтгээ: Харвард түүнд 1/3 хувийн тэтгэлэг олгожээ. Үлдсэнийг нь хуулийн компанид ажилд ороод цалингаасаа төлнө гэж амлаад найз нөхөд, хамаатан саднаасаа зээлжээ…

    Оюутны амьдрал л бол оюутны амьдрал байдаг хойно санхүүгийн хүндрэлүүд тохиолдоно… Нэг удаа бүр мөнгөгүй болчихож. Улирал солигдож, өвлийнхөө хүрэмийг далд хийж байхад нь халааснаас нь хэдэн задгай доллар гарч иржээ. Түүгээрээ охиндоо сүү авч үлдсэн сүүгээр нь өөрсдөө сүүтэй будаа чанаж идээд, тэрэндээ бөөн баяр болж байснаа дурсав. "Тиймэрхүү, мөнгөгүй болох үе хааяа тохиолдоно оо. Ганцхан оюутан байхад ч биш, амьдралд хүнд үеүүд зөндөө тохиолдоно. Хамгийн гол нь тавьсан зорилгодоо уйгагүй зүтгэж, шантрахгүй байх л чухал”.

    Сургуулиа төгсөөд Мөнх-Оргил америкийн нэгэн хуулийн компанид ажилд ороод эхний хэдэн сарынхаа цалингаар нөгөө зээлсэн мөнгөө эргүүлээд төлчихсөн юм.

    Мөнх-Оргилоос "Хуульч болохоор сурч байгаа оюутнуудад юу зөвлөх вэ?” гэж асуухад "Англиар inquisitive mind гэдэг юм, аливааг задалж шинжилсэн, бүх юмыг тал талаас нь харж эргэцүүлж бодсон, шүүмжилсэн, асуудлын гол учрыг олох гэсэн тийм хандлага, чадвар хуульч хүнд хамгийн чухал. Яагаад тийм байх ёстой гэж, Яагаад өөрөөр байж болдоггүй юм бэ, Үүнээс болж хэн хожиж байна, хэн хохирч байна, Энэ заалтыг бичсэн байсан бол яах байсан бэ… гэж асууж, маргалдаж, түүнийхээ үндсэн дээр итгэл үнэмшлээ бий болгодог тийм чадварт суралцах хэрэгтэй” гэлээ. Өөрөө сайн сургуульд сураад үр шимийг нь амсаж байгаа болохоор монголын боловсролын тогтолцооны талаар санаа зовинож явдаг зүйл түүнд олон бололтой. Ялангуяа хуулийн оюутнуудыг бэлтгэж байгаа тал дээр. "Хааяа би ажлын шаардлагаар хуулийн сургуулиудаар ордог юм. Одоог хүртэл лекц давамгайлж байна. Хуульч бэлтгэж байгаа хөтөлбөрүүдийг их өөрчилмөөр санагдах юм. Багш нь өөрийнхөө номыг ярьдаг, тэрийг нь сайн ярьдаг хүүхдэд онц тавьдаг, номынхоо дагуу тест авдаг, нэг зөв хариултыг нь дугуйлбал оноо авдаг … энэ байдлыг өөрчилмөөр байгаа юм. Багш ямар нэг зүйл хэлэхэд Аан, тийм үү гээд хүлээгээд авдаг биш, харин маргалддаг, өөрийнхөө үндэслэлүүдийг гаргадаг, тэрийгээ нотлох чадварт суралцсан хүн бэлдмээр байна. Жишээ нь, хуульч хүн Иргэний хуулийн 4-ийн 76-д тэгж тэгж заасан байдаг гэдгийг мэдэх нь нэг хэрэг. Тэрийг хуулиа сөхөж хараад л мэдчихнэ. Тэрний төлөө хуульч байх шаардлагагүй. Шүүгч Үгүй, хуулинд тийм юм байхгүй! гэхэд нь өөдөөс нь маргаад, өөртөө итгүүлж, үнэмшүүлж чаддаг, толгой дотроо "шатар тоглож чаддаг” хуульчидтай болчихвол их олон юм өөрчлөгдөнө өө…” гэж ярьж байлаа.

    Түүнд энэ талаарх санаа бодол даан ч их байв. Өөр сэдвээр ярьж байхдаа хүртэл дахин дахин монголын боловсролын тогтолцоо, сэтгэлгээний өөрчлөлт, хүмүүжлийн талаар жишээ авч, дурьдсаар байв. Үнэхээр ч шүүх тогтолцоо, хууль эрх зүйн орчныг яаж боловсронгуй болгох тал дээр ярих бүрт хуульч хүний ертөнцийг харах үзэл, хүмүүжил, боловсрол, ёс зүй, мэдлэгийн асуудал л дахин дахин хөндөгдсөөр байв.

    Шигтгээ: Мэтгэлцэж, үндэслэлүүдээ тайлбарлаж, нотлож, нөгөө талын үндэслэлүүдийг ойлгохын төлөө, Үнэний төлөө явна гэдэг бол огт өөр түвшний боловсрол юм аа.

    "Чи бод доо, хөгжилтэй орнууд "задгай” сэтгэдэг, чадварлаг боловсон хүчнийг бүр цэцэрлэгээс нь бэлдэж байна шүү дээ. Зүгээр л, биеэ чөлөөтэй авч явдаг, ямар ч хүнтэй нээлттэй харилцаж, үзэл бодлоо илэрхийлж чаддаг хүнийг бэлтгэхийн тулд ээж аав нь, багш нар нь тэр хүүхдийг, оюутныг өөртэйгөө адилхан хүн, өөртэйгөө адилхан ухаантай, мэдлэгтэй, өөрийн гэсэн ертөнцийг үзэх үзэлтэй хүн гэдэг талаас нь харж, хүндэлдэг. Энэ жижигхэн зүйлээс л сэтгэлгээний, ёс зүйн, хүмүүжлийн асар том өөрчлөлт эхэлж байдаг. Манайх бол эсрэгээр нь хийгээд байгаа. Цэцэрлэгт ороход нь – Дуугүй бай, гараа өвдгөн дээрээ ав!!!, сургуульд ороход нь – Чимээгүй суу, томоотой бай!!!, ээж ааваасаа юм асуухад нь – Яасан яршигтай юм, ахаасаа асуу, эгчээсээ асуу, би мэдэхгүй ээ!!! Ингээд байхаар яаж нээлттэй, биеэ даасан, чөлөөтэй, өөрийн гэсэн бодолтой хүн төрөх вэ дээ?

    Манай хүү одоо 3 настай, нөгөө задалдаг, угсардаг тоглоомыг өдөржин эвлүүлж, угсарч тоглодог юм. Эндээс л хүүхдийн сэтгэлгээ эхэлдэг болохоор би ч гэсэн хааяа хамт сууж, задалж, угсарч тоглоно. Тэр хооронд чинь бид хоёр зөндөө юм ярина аа…”

    Сургуулиа төгсөөд Мөнх-Оргил Америкийн хувийн хуулийн компанид ажилд оржээ. Гол нь, сургуулиа сайн төгсөөд Нью-Йоркийн өмгөөлөгчдийн холбооны шалгалт буюу bar-ын шалгалтыг өгч өмгөөлөл, хуулийн хуулийн зөвөлгөө өгөх эрхийг авч зээлээ төлөх, бас мөнгө хураах ойрын хугацааны зорилготой байлаа. Ер нь түүний амьдралдаа баримталж явдаг нэг зарчим бий "Хийх ёстой юмаа цаг хугацаанд нь, чанартай, хийсэн шиг хийх”. Оюутан байхдаа сурсан шиг сурах, Сайд болон дэд сайд байхдаа хуулийг сайн хэрэгжүүлэх, УИХ-ын гишүүн болон Хууль зүйн байнгын хорооны дарга болоод "хууль шиг хууль хийх” гэсэн энгийн л зорилго…

    Өмнө нь ГХЯ-нд багагүй хугацаанд төрийн ажил хийсэн, дажгүй сургууль төгссөн, ирээдүйтэй боловсон хүчин түүнд 2000 онд МАХН засгийн газарт орж ажиллах санал тавьжээ. Нэлээд олон залуу, шинэ, дэд сайдуудыг томилсоны нэг нь Мөнх-Оргил болж, хууль зүйн дэд сайд хэмээх суудалд "шархадсан чоно” Ц.Нямдоржийн дэргэд ирлээ. Улс төрд цоо шинэ хүн гэнэт өндөр албанд гараад ирсэн болохоор бүгд л түүнийг сонирхож, хэлэх, ярих, алхах гишгэхийг нь хүртэл анхааралтай ажиглаж байлаа. Баабар хүртэл зориулж захиа бичиж байхав…

    Харин энэ тухайгаа тэрээр "…Залуу ч байж, гэнэн ч байж. Эхний үедээ төрийн хариуцлагатай албанд оччихсоноо өөрөө ч сайн мэддэггүй байж билээ. Хуулийн талаар зөвөлгөө өгөөд, төсөл боловсруулаад сууж байх юм гэж бодсон. Харин хариуцлагатай шийдвэрүүд гаргаад, түүнийхээ үр дүнг үзээд, хариуцлага хүлээгээд ирсэний дараа, бараг жилийн дараагаас л үнэхээр төрийн өндөр, хариуцлагатай ажилд очсоноо мэдэрч эхэлсэн дээ” гэв.

    Тэрээр Нямдорж даргатай 4 жил хамт ажиллахдаа ердөө хоёр хүнийг л ажлаас халсан гэдэг. Ажил дээрээ архи уусан хоёр хүнд сануулга өгөөд байхад хашрахгүй дахиж уусан учраас халахаас өөр аргагүй байж. Ажлаа хийж чадахгүй байгаа хойрго нөхдүүдийг залуу хүний уур омгоор загнах, халчихмаар санагдах үе заримдаа гарна. Гэхдээ эцсийн дүндээ, хүнийг загнаж, ширүүлээд ажил нь дээрддэггүй гэдгийг ойлгожээ. Нөгөө талаас түүнд нэлээд нөлөөлсөн хүн бол Нямдорж. "Нямдорж даргатай ажиллах их амар ш дээ. Хүмүүс аймшигтай ууртай, хүн загнадаг, муухай ааштай хүн гээд цэрвээд байдаг юм. Яг тулаад ажиллахаар их зөөлөн, өрөвчхөн хүн. Загнаж загнаж байгаад халдаггүй юм. Бөөн сүр дүр хүн шүү дээ. Гайхамшигтай ажилсаг, махруу хүн” гэж байлаа.

    Түүнийг дэд сайд байх хугацаанд чансааг нь сорих нэг том үйл явдал болсон нь алдарт "Марубенигийн хэрэг”.

    Монголын засгийн газар олон улсын шүүхэд дуудагдав. Яахын аргагүй, цагаан цаасан дээр хараар, Монгол улс "Буян” компанид зээлийн батлан даалт гаргаад гар хөлийнхөө үсгийг зурчихсан, энэ компани зээлээ төлж чадахгүй бол бид хариуцна аа гээд баталчихсан байсан болохоор хүндхэн хэрэг болох нь гарцаагүй байлаа. Гэхдээ тэр үед түүний багийнхан ямар ч байсан Монголыг өрнөөс мулталж чадсан. Шүүхийн зардалд өчнөөн мөнгө зарсан, тэрийг улсын төсвөөс гаргуулсан… гэдэг шүүмж одоог хүртэл явсаар байгаа. Гэхдээ яаж ч маргаад, баримт бол баримт байдаг хойно, Монгол улс баталгаа гаргасан нь үнэн, шүүхэд дуудагдсан нь үнэн, өрийг Монгол улс төлөхгүй болсон нь үнэн. Харин шүүхийн зардлыг "Буян” компаниас гаргуулах нь дараагийн асуудал болсон. Мөнх-Оргил энэ хэрэгт Засгийн газрыг төлөөлөх ажлын хэсгийн ахлагчаар томилогдсон юм. Түүний барьж авсан гол үндэслэл бол Holmes үs. Brunskill-ийн дүрэм гээч зүйл байжээ.

    Шигтгээ: Holmes үs. Brunskill-ийн дүрэм нь 1877 оноос хойш өнөөдрийг хүртэл Английн хуульд мөрдөгдөж байгаа дүрэм бөгөөд энэ нь батлан даагчийн зөвшөөрөлгүйгээр үндсэн гэрээний хоёр тал нь гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж, тэр нь батлан даагчийн эрх ашигт хохирол учруулж болзошгүй байгаа бол батлан даагчийн үүргийг автоматаар чөлөөлдөг дүрэм аж. 1998 онд "Буян” компани нөгөө талтайгаа хамтраад Засгийн газарт мэдэгдэлгүйгээр төлбөрийн графикыг хойшлуулж, Монголын засгийн газрын сөрөг нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлаж, нэмэлт зээл олгож, эд хөрөнгийг нэмж барьцаанд авсан нь манай засгийн газрын гол барьж авах үндэслэл байжээ.

    Түүний багийнхны хийх ёстой байсан хамгийн гол ажил бол Монголын засгийн газар батлан даагчийн үүргээс чөлөөлөгдөх ёстой гэдгийг Английн шүүх дээр нотлох явдал байв. Нотлох баримт цуглуулах, Засгийн газрын хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэл бүрийг шүүж үзэх, хэрэгтэйгээ ялгах, орчуулах, тэднийгээ Английн шүүхийн стандартад нийцүүлж боловсруулах гээд өчнөөн нарийн ажлууд хийгджээ. Гадаад хэргийн яам, Хууль зүйн яамны олон арван ажилтнуудын 2 жилийн нөр их хөдөлмөр шингэсний дүнд 2004 онд шүүх хурал болж монголын засгийн газар өр төлөхөөс чөлөөлөгдсөн түүхтэй…

    Одоо Ц.Мөнх-оргил УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргын сонгуультай. Өрөөнд нь том жижиг нийлсэн 3 ширээ байх юм. Нэг нь их том хурлын ширээ, нэг нь ажлын ширээ, харин нөгөө нь сэтгүүлийн жижиг ширээ байна. Гурвуулан дээр нь овоолсон их бичиг цаас. Дээд хэсэгт харагдаж байгаагаас нь өнгийж харвал баахан засаад, заримыг нь сараачаад, улаан, ногоон өнгөөр тэмдэглэчихсэн харагдана. Хэлэлцэгдэх гэж байгаа хуулиуд л бололтой. Өөрийнх нь тайлбарласнаар, энэ цааснууд өндөр болтлоо овоороод байна гэдэг бол унших, судлах зүйл их байна гэсэн үг. Хэрэв уншаад, янзлаад явбал дараа дараагийн шатандаа ороод явах цааснууд гэнэ.

    Байнгын хорооны даргын ажил нь ГХЯ-ны сайд, эсвэл ХЗДХЯ-ны дэд сайдын ажлаас харьцангуй их. Яам бол тогтсон аппараттай, ажил нь явагдах системтэй учраас механик ажил ихтэй. Харин ХЗБХ бол нарийн бичгийн дарга, хоёр байнгын хорооны ажилтан, тэгээд даргатайгаа нийлээд дөрвүүлхнээ учраас өөрөө суух, боловсруулах, мэргэжлийн хүмүүстэй уулзаж зөвлөлдөх, хуралдах ажил ихтэй. Одоогийн байдлаар дөрвөн ч ажлын хэсгийн ахлагч хийж байгаа. Даваа гаригт өдөржин бүлгийн хурал, дараагийн хоёр өдөр нь байнгын хороодын хурал, үлдсэн хоёр өдөр нь УИХ-ын нэгдсэн чуулган, хажуугаар нь намын ажил, олон нийтийн сонгуульт ажлуудтай.

    Гэхдээ түүний дотроо бодож байгаа нэг зүйл бол, аль болох нэг чуулганаар нэг том хууль дээр чанартай ажиллах гэсэн эрмэлзэл. Өнгөрсөн чуулганаар радио телевизийн хууль, авилгалын хууль дээр ажилласан, одоо гаалийн хууль дээр төвлөрөх санаатай. Жигтэйхэн зузаан нэг цаас харуулсан нь Гаалийн тухай хуулийн хэлэлцэгдэх гэж байгаа төсөл гэнэ. Өмнө нь 23 хуудастай байсан бол одоо 97 хуудастай болж боловсронгуй болж байгаа аж. Нийгмийн амьдрал өдөр ирэх тусам нарийсч байгаа учраас түүнийг зохицуулдаг хуулиуд ч гэсэн нарийн бөгөөд ойлгомжтой болох учиртай учраас ийнхүү янзлахаас өөр аргагүй. Одоогийн хууль нь нэлээд ерөнхий, гаалиар бараа оруулахдаа татвар төлөх ёстой, тийм бараанд тэдэн хувь гэх мэтээр заасан байдаг. Харин дэлгэрэнгүй болно гэдэг нь, тийм тийм зүйлийг гаалийн хил гэж ойлгоно, тийм тийм зүйлийг гаалиар гарах бараа гэнэ, хэрэв тийм тийм нөхцлүүдийг хангасан байвал тэгж зохицуулна… гэх мэтээр тун нарийн боловсронгуй болж байгаа юм. "Яваандаа манай хуулиуд илүү боловсронгуй болно. Бид ойрын 10 жилд шинэ хуулиуд гаргахаасаа илүүтэй одоогийн хуулиудаа сайжруулах тал дээр ажиллах болов уу. Бас хуулийн доорх подзаконный актууд буюу хуулийг дагаж мөрдөж, хэрэгжүүлэхэд шаардлагатай дүрэм журмуудыг төгөлдөржүүлэх чиглэлд ажиллана” гэж байлаа.

    "Хуулиас болж хохирсон” гэгдэх хүмүүс олон боллоо. Энэ тал дээр таны бодол? гэж асуухад, "2000 онд би Хууль зүйн яамны дэд сайдаар ирэхэд одоогийнх шиг санхүүгийн пирамид гэгдээд байгаа, нэг хүнээс мөнгө аваад нөгөөд нь өгдөг, алддаг маягийн бизнес дэлгэрчихсэн байсан шүү дээ. Нямдорж дарга бид хоёр яаманд ирээд тэр байгууллагуудын дансанд байсан бүх мөнгийг хааж, хөрөнгийг нь барьцаалж иргэдэд нь буцааж өгөөд, энэ бизнесийг хийж байсан оросуудыг нь гаргаж, монголчуудад нь хариуцлага тооцоод, шүүхэд шилжүүлэхийг нь шилжүүлээд, тараасан шүү дээ. Эндээс эхлээд бид радио, телевизээр анхааруулсан. 40 мянган мэргэжлийн санхүүчдийг өдөр болгон ажиллуулдаг, дээрээс нь Монголбанк хяналтаа тавьдаг арилжааны банкууд өнөөдөр сарын 3 хувийн хүүтэй хадгаламж авч байхад банкнаас илүү өндөр хүүтэй гэж хэлж байгаа хүмүүс найдвартай байж чадах уу. Хүн өөрийнхөө мөнгийг бусдад өгөх гэж байгаа бол судлах ёстой байхгүй юу. Яагаад ХЗХ-нууд 5 хувийн хүү өгч байна вэ, энэ өндөр хүүг өгөхийн тулд ямар бизнес хийх гэж байна вэ, надаас хадгаламж аваад цааш нь ямар хүнд хэдэн хувийн зээл өгөх гэж байна вэ, тэр нь найдвартай юм уу, яаж хянах юм бэ гэх мэт. Уг нь ХЗХ-ны хуулиар энэ бүх эрх, үүргийг нь маш ойлгомжтой заагаад өгчихсөн шүү дээ. 100 хувь хуулийн цоорхойгоос болсон гэдэгтэй би санал нийлэхгүй. Гэхдээ төрийн албан хаагч хяналт тавих ёстой ажлаа дутуу хийсэн алдаа байсан л байх” гэлээ.

    Шигтгээ: Итгэхэд хэцүү сайхан юм амлаад байгаа бол ерөөсөө бүү үнэмш. Хөдөлмөр гаргахгүйгээр дэндүү хурдан баяжина гэж байдаггүй…

    Хүн нэгэнт хуулиар зохицуулагддаг нийгэмд амьдарч байгаагийн хувьд өөртөө хамгийн их хамаатай хуулийг мэдэж байх нь өлзийтэй. Зарим хүмүүс мэдэх ёстой хуулиа үнэхээр сайн мэднэ. Мөнх-Оргилыг хөдөлмөрчидтэй уулзаж байхад гаргасан хуулийг нь өөрөөс нь мэддэг хүмүүс олон таарна. Тухайлбал, тэтгэвэрийн хөгшид, "…Чи худлаа ярьж байна. Хуулиндаа тэгж байдаг ч гэсэн дүүргийн халамжийн газар очихоороо ингэчихдэг юм, тийм сайдын тушаал бий, ийм даргын журам бий…” гэж ирээд л гэдэс дотортой нь сайн мэдэж байх нь олон. Мөнх-Оргил үүнд нь их баярлана, гаргасан хууль нь амьдрал дээр очихоороо яаж хэрэгжиж байна, хаанаа нь засах, нэмэх вэ гэдгээ эндээс мэдэж авдаг болохоор тэр…

    Хараад байхад түүний ажлууд ер дуусахгүй шинжтэй. Өглөө 9:30 гэхэд ордон дотор ирчихсэн, өнөөх зузаан хуулиудаа сугавчилчихсан хүмүүстэй зөвлөлдөөд явж байх юм. Янз бүрийн хүмүүс бас л зузаан хавтас бариад л өрөөрүү нь орно, гарна, дараагийнх нь орно, гарна… Хүлээлгийн өрөөнд нь суух зууртаа хаалга онгойж хаагдах завсар өрөө рүү нь сэмхэн харахад баахан хуулиуд дэлгээд тойруулаад тавьчихсан, хүмүүстэй чанга чанга дуугаар ярилцаад л байна. Хууль зүйн байнгын хорооных нь хурал эхлэх гэж байгаа бололтой. Энэ маягаараа ажилласаар байтал нэг мэдэхэд орой 10, 11цаг хүргэчихсэн байдаг гэсэн. Өөр хүн бол ч залхах байх даа…

    "Ажлаасаа залхана ч гэж юу байх вэ дээ. Хамгийн хэцүү нь гэр бүлдээ цаг гаргаж чадахгүй юм. Манай хүү чинь 3 настай, ид хөөрхөн дээрээ болж байдаг. Хамт тогломоор, юм ярьмаар байдаг, гэтэл би хамт байж чадахгүй нь жаахан хэцүү юм” гэсээр бидний яриа үргэлжлэв.

    Түүний гэртээ байдаг хугацаа нь хагас, бүтэн сайн өдөр л бололтой. Зүгээр л гэртээ өнжиж, зурагт үзэж, хүүхдүүдтэйгээ тоглох нь хамгийн сайхан амралт болно. Хааяа эхнэрээрээ үглүүлэн байж ганц хоёр эвдэрч хэмхэрсэн юмаа янзална. Гэхдээ өөрөөс нь илүү эхнэр нь амжуулчих нь элбэг. Өөрөө амждаг ч үгүй болохоор тэр биз. Түүний гэр бүлийн хүнийг Бадамцэцэг гэдэг, эдийн засагч хүн бий. АНУ-д Жорж Вашингтоны их сургуулийг эдийн засгийн чиглэлээр төгсөөд, дэлхийн банкинд ажиллаж байгаад дараа нь Колумбийн их сургуульд бизнесийн удирдлагын мастер зэрэг хамгаалсан. Америкт банкинд ажиллаж байгаад Монголд түр амралтаараа ирсэн байхад нь танилцаад, "авч суугаад” явуулаагүй гэсэн. Анх хууль зүйн дэд сайд байхдаа, ажил хэргийн шугамаар эхнэртэйгээ танилцжээ. Даатгалын хуулийн төсөл дээр ажиллаж байхдаа эрсдэлийн үнэлгээ, математик загварчлалын (актуар) тал дээр мэргэжлийн хүнээс зөвөлгөө авах хэрэг болоод АНУ-ын олон улсын хөгжлийн агентлагаас мэргэжилтэн хүсчээ. Товлосон цагаасаа бүтэн цаг хоцроод ирэхэд "ирээдүйн” эхнэр нь нэлээд уур нь хүрчихсэн хүлээгээд сууж байж. "Би тэр өдөр актуарын тухай ерөөсөө ойлгоогүй. Одоо ч сайн ойлгодоггүй юм. Ямар ч л байсан миний амьдралд чухал үүрэг гүйцэтгэсэн шинжлэх ухаан гэж бодож явдаг юм даа” гэж хошигнов.

    Шигтгээ: "Америкт амьдарч, ажилладаг хүнийг монголд түр ирээд байхад нь авч суугаад эргүүлж явуулаагүй. Би чинь эхнэрийнхээ амьдралыг орвонгоор нь эргүүлчихээд сууж байгаа хүн дээ”

    Түүний эхнэр нь өөрийнх нь хэлснээр нэлээд зөөлөн, гэхдээ шударга, зарчимч талдаа. Хэдийгээр эмэгтэй хүн нөхөртөө, үр хүүхдүүддээ халамжтай, гэр бүлийн ажлаа амжуулдаг байх нь чухал ч гэсэн, хамгийн гол нь хоёр биентэйгээ ойлголцдог, өмнөө тавьсан зорилгодоо хүрэхэд нь бие биедээ тусладаг байх чанар бол хамгийн чухал гэж Мөнх-Оргил боддог…

    Ажлынхаа хажуугаар түүний заавал цаг гаргаж чаддаг нэг зүйл бол сагсан бөмбөг. "Сагсанд нугасгүй”. Хамгийн гол нь хөлсөө гаргах гэж зааланд тоглоно. Одоо Монголын сагсан бөмбөгийн холбоо бас Гольфын холбооны ерөнхийлөгчийн сонгуульт ажилтай. Шүтдэг тамирчин нь Майкл Жордан. Нью-Йоркт, НҮБ-д ажилладаг байхад нь "Чикаго Буллз”-ын тоглолт хоёр удаа болж, нэг удаад нь их ойрхноос үзэх завшаан гарсан гэсэн. "Мэдээж Жордан! Өөр хэн байх юм бэ. Яахав, өөр хүн байгаа л даа. Айверсон, Коби, Кармело Энтони, Картер гээд мундаг тоглогчид байгаа. Гэхдээ тамирчин гэдэг утгаараа, гоё авьяасаас гадна ялалт байгуулах, багаа ялалтруу зүтгүүлэх, тэрний төлөө юу ч хийхээс буцдаггүй, ёстой эцсийнхээ бүх ухаан, ур чадвараа шавхаж, манлайлж тоглож чаддаг нь гарцаагүй Жордан л даа. Надаа лав өөр хүн харагддаггүй юм” гэж итгэлтэй хариулж байна лээ.

    Хавар, зундаа өдөр уртсахаар, сард нэг удаа болдог гольфын тэмцээнүүдээс Мөнх-Оргилыг олж харж болно. Гольф тоглодог хүмүүс түүнийг гольфын спортыг монголд хөгжүүлэхэд их сэтгэл гаргадаг хүн дээ, гольфыг хөгжүүлэхэд нэмэр болж магадгүй гэсэн хүмүүст хувийнхаа хэдэн үнэтэй цохиурыг хүртэл бэлэглэчихдэг гэдэг юм билээ.

    Монголчууд дөч гарч яваа хүнийг залуу хүн гэж тооцдог билээ. Ухаан, бяр нь тэгширдэг болохоор тэр биз. Харин Мөнх-Оргил байнга л "Намайг залуу байхад…, Би залуу байхдаа…, Одоо хөгшрөөд…,” гэх юм билээ. Ирээдүйд амжилт ольё, сайхан амьдарья гэж бодож байгаа залуучуудад юу гэж зөвлөх вэ гэсэн асуултанд маань шанаагаа тулж нэлээн бодож байгаад "Хараад байхад хүн чинь нас насандаа их өөрчлөгддөг юм байна аа. Хэрэв би 20-той байсан бол нэг зүйл хэлэх байсан байх. 30-тай байсан бол, "Тавьсан зорилгынхоо төлөө уйгагүй хөдөлмөрлөх хэрэгтэй” гэж байж магад. Одоо ингээд 40 гарчихаад бодоход хүнд байх ёстой хамгийн чухал чанар бол хүнлэг байх, хүн чигээрээ үлдэх, бусдыг уучилж чадах, хүний дутагдлыг хүлээн зөвшөөрөх, бусадтай эвтэй байх, хажуудаа байгаа хүмүүсээ тайван, аятайхан байлгаж чадах тэр чанар их чухал юм байна гэж бодох болсон. Яагаад гэхээр хүн чинь дан ганцаараа амьдардаггүй. Чиний зан, характер чинь эргэн тойронд байгаа хүмүүстээ маш их нөлөө үзүүлдэг. Тэгэхээр хажуудаа байгаа хүмүүсээ бодоод ч, өөрийгөө бодоод ч, бусдыг ойлгож амьдрах чадвар бол хамгийн чухал гэж боддог болсон шүү. Мөнгө төгрөг, албан тушаал… юу юм бэ, юу ч биш шүү дээ. Дэргэд чинь хүн л амьдрахаас хойш” гэж хариулна лээ.

    Тэр өөрийгөө их азтай хүн гэж боддог. Сайхан гэр бүлд төрж өссөн, сайн боловсрол эзэмшсэн, аав ээж хоёр нь эрүүл саруул, амьдралаа хамт туулах сайн ханьтай учирсан, дүү нарынх нь ажил хөдөлмөр өөдрөг, сайхан ажил хийж байна, хүмүүсийн дунд байна… энийг азтай байна гэхгүй өөр юу гэх билээ. Үеийнхэнтэйгээ уулзаад "буу халахаараа” ч гэсэн аз нь шовойсон үеийнхэн гэж ярьцгаана. Социализмын үед төрж өсөж, улсын хөрөнгөөр сургууль соёлд сураад боловсрол эзэмшчихсэн, ирээд ажил нь бэлэн байсан, харьцангуй залуу байх үедээ зах зээлийн энэ огцом эргэлтэнд орсон гээд л. Гэтэл дараагийн үеийнхэнд энэ боломжууд байгаагүй шүү дээ. Гадаад дотоодод явах боломжгүй, өөрөө сургалтын төлбөрөө төлдөг, ажлын байрны төлөө ширүүн өрсөлдөнө, төр засгаас ямар ч дэмжлэг байхгүй… Харин бид бол тэгээгүй. Энэ бол аз шүү дээ гэж тэр боддог. Хэрэв энэ жил биш, дараа жил сургууль төгсөхөд л хувь заяа өөр болоод явчихдаг шүү дээ.

    Гэхдээ аз гэдэг бол бурхнаас заясан зүйл, хувь төөрөг биш гэдэгт Мөнх-Оргил хатуу итгэдэг. Аз бол дандаа уйгагүй зүтгэл, хөдөлмөрийг дагаж явдаг. Бурхны зурсан зураг, хувь тавилан гэж ганцхан зураасаас бүтдэг зураг биш, харин их олон салаатай зураг. Амьдралын тэр олон салаа замууд дээр хүн өөрөө хичээж, хөдөлмөрлөж, зөв санаатай зөв амьдарвал зөв сонголтуудыг хийгээд, амьдралаа өөрөө бүтээгээд, сайхан амьдарч болно гэж тэрээр боддог юм билээ.

    "Хүний сэтгэлийг зовоодог хамгийн онцгүй зүйлүүдийн нэг бол өнгөрсөн зүйлийн араас харамсах шүү дээ. Тэгчих байж дээ, тэгсэн байсан бол өдийд… гэж харамсах шиг муухай зүйл байдаггүй. Тийм ч учраас эргэж хараад харамсах зүйлгүй байхын тулд цагийн юмыг цагт нь, хийсэн шиг хийгээд явахыг би хичээдэг юм”

    Шигтгээ: Би нэг их шүтлэггүй ээ. Гэхдээ гэр бүл, ээж аав, ах дүүгээ эрүүл байгаасай гэж энд тэнд явахдаа даатгаж, дотроо боддог юм. Эрүүл байхад бүх юмны учир нь олдоно доо…

    Тэр нэг зүйлд итгэлтэй байдаг. Хэдийгээр 10 жил гэдэг бол нийгмийн амьдралд богино хугацаа ч гэлээ, удахгүй монголчуудын сэтгэлгээ өөрчлөгдөж, улс төрийн намууд төлөвшиж, парламентат засаглал бэхжиж, УИХ-д нарийн мэргэжлийн, туршлагатай хуульчид олширч, хүмүүс огт өөр зүйл харж сонголтоо хийдэг. Тэр цагт монгол улс хөгжинө гэдэгт тэр итгэлтэй явдаг. Тэр цагийг бага боловч наашлуулахын тулд түүнд хийх зүйл их байна.

    БЛИЦ

    Уурлахаараа: Залуу байхад заавал хэлж, учрыг нь олж байж санаа амрах гэдэг байсан. Одоо бол дуугүй өнгөрөөчихөөд, дараа нь эрүүл саруул ухаанаар бодох нь илүү зөв гэж боддог болсон.

    Хамгийн дургүй зан чанар: Долигонуур зан

    Магтуулахаараа: Их эвгүй болно, болисой гэж боддог.

    Хамгийн сүүлд уншсан ном: Лев Троцкийн 1918-1924 оны амьдралынх нь тухай нэг ном

    Хэзээ өөрийгөө улс төрч болжээ гэж "тоосон”: Би болоогүй ээ, хаа ч байсан юм. УИХ-ын гишүүн болохоор улстөрч болчихдоггүй.

    Харамсдаг зүйл: Байхгүй

    Муу зуршил: Идэх дуртай. Хоол идэх цагаа тааруулдаггүй.

    Өглөө хэдэн цагт босдог: 8 гэхэд босчихсон байдаг

    Хамгийн их шүүмжлэлд өртдөг зан чанар: Итгэмтгий

    Хүн загнаж чадах уу: Хийж болох байсан зүйлийг хийгээгүй эсвэл залхуурсан, оромдсон байвал загнана аа.

    Хамгийн үнэт баялаг: Гэр бүл, эрүүл мэнд

    Залуу насанд алдаж болохгүй зүйл: Цаг хугацаа. Нас ахиад ирэхээр хашир болж, ухаан сууж, тал талаас нь боддог болж, залуу насны тэр эрч хүч алдагддаг юм байна. Залуу насанд зүгээр өнгөрөөсөн нэг жил гэдэг бол тав, зургаан жилээр ч тогтохгүй хохирол дагуулдаг гэж бодох болсон.

    Костюм, зангианаас уйдаж байна уу: Уйдна шүү. Тав дахь өдөр зангиагүй явж байгаад хааяа загнуулдаг.

    Хэлэх дуртай үг: If it is too good to be true, then it probably is / Итгэхэд хэцүү гоё санагдаад байвал итгээд хэрэггүй.

    10 жилийн дараах мөрөөдөл: Хуулийн сургуульд хичээл заасан, залуучуудтай хууль эрх зүй, амьдрал, боловсролын талаар их ярилцдаг багш болчихсон байх болов уу

    Гадаад хэл: Францаас жаахан төсөөрсөн, англи байнга ашиглаж байна, харин орос дээр уншихдаа англиасаа илүү хурдан, гэхдээ ярихдаа алддаг болсон байна лээ.

    Анхны өөрөө хөдөлмөрлөж олс

    Оруулсан Оруулсан: Guest | Оруулсан Үзсэн: 2711 | | Үнэлгээ Үнэлгээ: 0.0/0
    Нийт сэтгэгдэл: 2

    Marek хэлэхдээ...

    It's like you're on a miisson to save me time and money!

    oyu хэлэхдээ...

    mundag yum aa. gehde bur heterhii toviilgood magtsan bh aa. bi sain medehgui blhro tegj helj bn lda. gehde oor hen 1n bl bdgaar n muulaad bichih l bh. gehde ooro ch ter gergii n ch ter ih bolovsroltoi yum. 40 garj bj odoo dongoj 3 nastai huhedtie ghr amidralinha ihenh tsagiig ajil, surguulid ongoruulsn bn shu.

    Зөвхөн бүртгэлтэй гишүүд сэтгэгдэл бичих боломжтой
    [ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

    

    Сүүлийн мэдээ

    Гишүүдийн статистик

    • Нийт гишүүд: 91
    • Өнөөдөр зочилсон гишүүд: 0

      Нийт бичлэг

      • Сэтгэгдэл: 45
      • Форум: 1/7
      • Фото зураг: 16
      • Блог: 2
      • Мэдээ: 120
      • Татац: 2
      Publisher: 1
      FAQ: 1
      • Зочны дэвтэр: 9

      Шошго